МИКРОБЫН НИЙЛЭГЖЛИЙН ЛАБОРАТОРИ

Эрхлэгч: Доктор Д.Цэрэндулам

Микробын нийлэгжлийн лабораторийг 1988 онд Герман улсын тоног төхөөрөмжөөр тоноглон байгуулсан. Одоогоор тус лаборатори нь 9 эрдэм шинжилгээний ажилтантай бөгөөд үүнээс боловсролын доктор 2 байна.

Биотехнологийн аргаар шар сүүг боловсруулах судалгааг явуулсанаар хаягдалгүй үйлдвэрлэл явуулах, байгаль орчныг бохирдуулахгүй байх асуудлыг шийдсэн. Шар сүүг ашиглан нутгийн дрожжийн омгоор ундаа, дарс, спирт, уураг-витаминт биобэлдмэл үйлдвэрлэх технологи боловсруулан хагас үйлдвэрлэлийн туршилт явуулж байна.


Өнгийн ноолуур, тэмээний ноос цайруулах судалгааны дүнд цайруулах шинэ арга технологи боловсруулсан нь онол практикийн чухал ач холбогдолтой болж, үйлдвэрлэл хэрэглээний шаардлагыг хангасан юм.

Хөрсний үржил шимийн нөхөн үйлдвэрлэлийг дээшлүүлэн ургац нэмэгдүүлдэг азотын хуурай бордоо үйлдвэрлэх судалгаагаар өөрийн орны цаг уурын онцлогт зохицсон азот шингээгч бактерийн омгийг өсгөвөрлөх технологи, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.


Бичил замгийн фотосинтезийн үйлдвэрлэлийн үндсэнд уураг, полисахарид, тосны хүчил, витамин зэрэг биологийн идэвхит бодис агуулсан гоо сайхны бэлдмэл хийж туршсан нь нилээд үр дүнтэй байна.


Зарим бичил биетний шинж чанарын өгөгдөхүүний катологи, паспортыг бий болгож, дрожж, микромицет, замгийн 300 өсгөврийн сантай болж, мэдээллийн банк байгуулах ажлыг гүйцэтгаж байна.


Манай хамт олон судалгааны үр дүнд нэг сэдэвт зохиол, ном, өгүүлэл 112 нийтлүүлж, 20 патентийн эрх хамгаалж, 38 оновчтой санал, стандарт, технологи боловсруулсан.

 

Микробын нийлэгжлийн лаборатори ашигт бичил биетний судалгааг хийж шинэ төрөл, зүйл илрүүлж, тэдгээрийн биологийн идэвхи болон ашигт шинж чанарыг тогтоож, дрожжи, микромицет, замаг, бактерийн 300 гаруй өсгөврийн сантай болж мэдээллийн банк бий болгох ажлыг гүйцэтгэж байна.

Бичил биетний сангийн өсгөврийн ангилал зүйн судалгаа явуулахад дрожжийн өсгөврөөс Candida, Brettanomyces, Kluyveromyces, Saccharomyces, Pichia, Debaromyces Bullera Cryptococcus Rhodotorulaийн төрөл илэрч, Candida, Cryptococcus, Rhodotorula, мөөгөнцрийн өсгөврүүд нь Penicillium, Aspergillus, замгийн өсгөвөр нь Dunaliella, Chlorella, Scenedesmus зонхилж байгааг илрүүлэв.


Биологийн өндөр идэвхтэй, дрожжийн S.cerevisiae, S.lactis, S.fragilis, S.carlsbergensis 34/70, S.uvarum-776, S.cerevisiae К-1, S.vini БТ-5, K.fragilis БТ-15, K.marxianus-33, S.cerevisiae Z-9, R.glutinis ДМ-3, мөөгөнцрийн Fusarium, Penicillium, Trichoderma, Aspergillus, Mucor, нэг эст ногоон замгийн Chlorella-Sp, Dunaliella. омгуудыг үйлдвэрлэл, сургалтын ажилд ашиглан биобэлдмэл гаргах технологи боловсруулж, бүтээгдэхүүнийг хүнс, анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбарт ашиглах боломжийг нэмэгдүүлснээс гадна микробиологийн салбарын үр өгөөжийг дээшлүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, сөрөг дарамтаас хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж байна.

 

 

 

 

 

Last Updated (Friday, 20 November 2009 16:54)